Хамгийн эрхэм зүйлийг эргэцүүлэхүй

Dermee Byambasuren
4 min readAug 20, 2021

--

[Д.С.Лихачёв “ Сайн, сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 3-р захидал]

Ерөөс амьдралын хамгийн эрхэм агаад нандин зорилго чухам юунд оршдог юм бэ? Би бээр нухацтай гэгч нь бодож эргэцүүллээ. Хариулт нь хүн гээч амьтан орчин тойрондоо л сайн сайхан, халуун дулаан уур амьсгал, гэрэл гэгээг цацруулах л юм байна. Сайн сайхан гэдэг нь юун түрүүнд бүхий л хүмүүсийн аз жаргал, баяр хөөрийн үндэс аж. Хэдийгээр энэ нь нэг бус зүйлээс бүрдэх ч “Амьдрал гэдэг хүмүүн бидний өмнө шийдэж чадахуйц бүхий л даваа, нугачаа сорилтуудын хэзээд зэхсэн” байдаг. Хүн сайн үйлийг жижиг зүйлсээр ч чин сэтгэлээсээ хийж болно түүний сацуу том зүйлсийн тухай ч эргэцүүлж болно. Гэвч том, жижиг зүйлсийг яав ч ялгаж, салгаж авч үзэх боломгүй юм. Миний өмнөх захианд өгүүлснээр агуу юм гэдэг ихэд энгийн жижиг зүйлсээс л эхэлдэг. Насан бага, балчир ахуйгаасаа эхлэн ойр тойрны хүмүүсийн нөлөө, үйл хандлагаар тэрхүү агуу юмсыг бүтээл үйл хэрэг үүтгэгдэн төлжих нь их.

Хүүхэд гэдэг их хөөрхөн. Тэд ижий ааваа, ах эгч, гэр бүлээ, өөрийн гэр орноо хүртэл хар зөнгөөрөө л хайрлаж энэрдэг. Ийнхүү хайр нь аажим аажмаар тэлж өргөжин сургуулиа, хөдөө нутгаа, хот тосгон цаашлаад эх орноо гэсэн халуун сэтгэлээр түгэн дэлгэрдэг. Ийм агуу, гүн гүнзгий мэдрэмж хүүхдэд хэдий эртнээс суусан байлаа ч түүгээр хязгаарлагдалгүй “хүн хүнээ хайрлах” халуун сэтгэлийг ямагт дадуулах нь зүй.

Хүмүүн та хэзээд үндсэрхэг үзэлтэн бус эх орноо гэсэн үзэл санаатай, ЧИН СЭТГЭЛТЭЙ байхыг эрхэм болгоорой. Хэдий бид өөрийн гэр бүлээ аминчлан хайрладаг ч бусад айл өрх, гэр бүлийг яалаа ч үзэн ядах, хар сэтгэлийг агуулж явуургүй үйлдэл хийж хэрхэвч болохгүй. Энэ нь эх оронч чанар дээр ч мөн адил ялгаагүй. Үнэхээр л эх орондоо хайртай бол та бусад ард түмэн, өөр соёлыг үзэн ядаж, мууг сэтгэлдээ тээхийн шаардлага үгүйсэн билээ. Эх оронч хийгээд үндсэрхэг үзлийн хооронд үлэмж их ялгаа бий. Эхнийх нь эх орондоо хайртай байх бол удаах нь бусдыг үзэн ядаж, ялгаварлаж, нүд үзүүрлэх юм шүү дээ.

Сайн зүйлийн том зорилго гэгч угтаа жижиг зүйлээс л эхэлдэг. Ойр дотны хүмүүстээ чин сэтгэлээсээ сайн сайхан зүйлсийг хүсэхээс л эхэлнэ. Тэрхүү том зорилго гээч нь өргөжин тэлэхийн хэрээрээ өөртөө илүү өргөн хүрээний асуудлуудыг тээдэг. Энэ нь яг л усны эргүүлэг шиг юм. Гэвч усны эргүүлэг эрчлэн ширүүсэж байгаад л аажим аажмаар эрч нь саардаг шүү дээ. Хайр ч тэр, нөхөрлөл ч тэр олон зүйлд өргөжин тэлж, тархан түгснээрээ өөртөө шинэ хүч чадлыг авчрахын сацуу хамгаас хүчирхэг болдог. Харин хүн гэдэг эдгээрийн амин цэг болох учиртай. Тэгж гэмээнэ улам цэцэн цэлмэг ухаантай болдог юм.

Хайр гэдэг жолоодлогогүй, мохоо байж болохгүй. Харин ухаалаг байвал зохилтой. Ухаалаг байна гэдэг нь яг л хайртай дотно хүнтэйгээ харилцаж буй шиг бусад хүмүүстэй харилцахдаа алдаа дутагдлаа анзаарч тэрхүү эндэгдлүүдтэйгээ тэмцэх чадварыг хоршуулж авч явахыг хэлж буй юм. Түүнчлэн ухаалаг хайр хэзээд хоосон, хуурамч зүйлсээс юу нь үнэн болох, юу нь жинхэнэ болохыг ялгаж салгадаг цэцэн цэлмэг ухаантай ямагт дөрөө нийлүүлж байх учиртай юм. Иймийн учир ухаалаг хайр гэдэг сохор байж хэрхэвч болохгүй. Харалган баяр баясгалан нь аймшигтай үр дагаварт хүргэж болзошгүй юм. (Үүнийг хайр гэж нэрлэж боломгүй.) Өөрийн үр хүүхдэд буй бүхий л зүйлсийг ямагт урамшуулж, сайшаан бахаддаг, өөхшүүлдэг эх хүн гэдэг ёс суртахуунгүй “ягчис мангас” бойжуулж буйгаас өөрцгүй.

Мэргэн ухаан гэдэг сайхан сэтгэлтэй хоршсон “ухааныг” хэлнэ. Сайхан сэтгэлгүй ухаан гэдэг бол заль мэх л гэсэн үг. Гэлээ гэхдээ заль мэх нь алгуур анзаарагдахгүй байв ч эрт орой хэзээ нэгэн цагт гарцаа байхгүй тухайн зальт этгээдийг өөрийг нь эргүүлээд залгидаг жамтай. Тиймээс л ов мэх, зальжин байдлаа халхлан нууж далдлахаас аргагүй болдог шүү дээ. Харин мэргэн ухаан гэдэг үргэлж л нээлттэй хийгээд найдвартай байдаг. Энэ нь юун түрүүнд тухайн мэргэн ухаантай хүнийг өөрийг нь төдийгүй цаашлаад бусдыг ч хуурдаггүй. Мэргэн цэцэн ухаан нь тухайн хүндээ үргэлж л сайн нэр, сарнишгүй аз жаргал авч ирэхээс гадна урт насыг түүгээр ч үл барам нас дээр гарах үед сэтгэлийн амар амгаланг авч ирдэг юм даа.

Жижиг зүйлд ч агуу юмс оршдог, Залуу нас угтаа бүхий л амьдрал юм, Хамгийн эрхэм зүйлийг эргэцүүлэхүй гэсэн 3 захидалд ямар нийтлэг зүйл байгааг хэрхэн илэрхийлэх вэ?

Үүнийг уриа болгоод нэг үгээр илэрхийлэх юм бол ҮНЭНЧ ШУДАРГА байдал гэж хэлнэ. Хүнийг том жижиг зүйлийн аль алинд нь удирдан чиглүүлэх ёстой зүйлс бол үндсэн зарчимдаа үнэнч байх, гэм зэмгүй залуу насандаа үнэнч байх, энэхүү ойлголтын өргөн хийгээд явцуу утгад хамаарах эх орондоо үнэнч байх, гэр бүл найз нөхөд, хот суурин, улс орон, ард түмэндээ үнэнч байх зэрэг болно. “Эцсийн бүлэгтээ үнэн байх гэдэг нь үнэн байдалдаа л үнэнч байх явдал: үнэндээ үнэнч байх, шударга байдалдаа үнэнч байх юм”.

Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм

ХБНГУ, Кайзерзлаутерн хот

2021.08.07

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet