Хамгийн том үнэт зүйл бол АМЬДРАЛ өөрөө юм.

Dermee Byambasuren
3 min readAug 8, 2021

--

[Д.С.Лихачёв “ Сайн, сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 4-р захидал]

Гүнзгий амьсгал аваад, удаан гэгч нь гаргаарай, аажуухнаар гаргаарай! Энэ их танил үгс байгаа биз. Гимнастикийн багшийн маань “Хэвлийгээ дүүртэл амьсгалъя гэвэл аажуу тайвнаар, амьсгалын хэмнэлээ мэдэрч гаргах хэрэгтэй” хэмээн чухалчлан захиж байсан дуу хоолой нь одоо ч чихэнд сонстдог юм. Агаар гэх юм байна уу гэмээр бүгчимдэлээс ангижрахын тулд амьсгалаа зөв гаргахад суралцахыг эрхэм болгоорой.

Амьдрал бол ерөөс АМЬСГАЛАХУЙ л юм. “Сэтгэл зүрх”, Амь сүнс” билээ. Харин үхэл гэдэг ердөөсөө л амьсгал хураах явдал хэмээн эрт дээр үеэс л хэлэлцдэг байлаа. Сүнс нь яваар одно гэдэг угтаа амь тасрах л гэсэн үг. Заримдаа орон гэрт байж суухын аргагүй бүгчим халуун байдагтай адил хүний ёс суртахуунд хамаарах аж амьдрал ч мөн ялгаагүй амьсгал давчдуулам байдаг.

Хүн бид өдөр тутмын амьдралын хий хоосон дэмий зүйлс, аар саархан санаа зоволтоо үлдэн хөөж; бодлын урсгалд манан үүсгээд буй бүхнийг таягдан хаяж байх хэрэгтэй. Мөн тэрчлэн амьдралын үнэ цэнэ, гоо сайхныг хүлээн зөвшөөрөх боломжийг боомилж, сэтгэлийг давчдуулж, дарангуйлж буй бүхнээс ангижирч байх нь зүйтэй юм.

Бид өөрийн дотор буй бүхий л үл бүтэх бодол хүслээ үргээж байгаад өөрийн болон бусдын тухай хамгийн эрхэм нандин зүйлийн талаар бодож эргэцүүлж байх нь машид зөв зүйтэй юм. Үүний зэрэгцээ бусдад нээлттэй болоод хүлээцтэй хандаж тэднээс аливаа сайхан бүхнийг нь сорчлон, эрж хайх ухаан сэхээтэй байх хэрэгтэй. Хүнийг оюун санааны хувьд юу тэтгэж, юу баяжуулдаг вэ гэвэл ердөөсөө л хүнээс сайхан болгоныг нь, зүгээр л сайныг нь, далд нуугдсан гоо зүйг нь эрж хайж, олох чадвар юм.

Хүний тухай тусгайлан авч үзэхээ энд түр азная. Түүний оронд жижиг зүйлсийн бүхий л халхавчийг нэвтлэн байгаль дэлхий, хот суурин, хөдөө тосгон, гудамж талбай дахь гоо сайхныг ажиглан харна гэдэг хүний амьдралын хүрээ, орон зайг үлэмж ихээр тэлж, өргөжүүлдгийг бодууштай.

Би “хүрээ” гэх үгийг их удаан гэгч нь эрж хайсан л даа. Эхлээд би өөртөө ингэж хэлж байлаа. Юу гэхээр амьдралын хил хязгаарыг л тэлж өргөжүүлэх хэрэгтэй гэж. Гэвч амьдралд хил хязгаар гэж юу байх билээ дээ. Энэ бол хашаа аль эсхүл хилийн зурвасаар хүрээлэгдсэн газрын нутгийн хэмжээ, хэсэг огтоос биш юм. Нэг ёсондоо амьдралын заагийг өргөжүүлнэ гэдэг нь миний хэлэх гээд байсантай ер эвлэж өгөхгүй л байлаа. Зөвлөлтийн зохиолч Максимилиан Волошин “окоём” гэж сайхан үгийг ихэд онцгойлон авч үздэг байв. Энэ нь нүдэнд бууж буй бүхий л зүйлийг харуулдан ажихыг хэлж буй хэрэг. Гэвч энд мөн ялгаагүй л бидний ахуйн мэдлэгийн явцуурал саад болоод байдаг. Амьдрал гэгч ахуйн хүрээний сэтгэгдэл төдийхнөөр яав ч хязгаарлагдах боломжгүй шүү дээ.

Бид мэдрэхүйн хязгаараас давж анзаарч ажигладаг байх төдийгүй ухамсраа бүрэн дүүрэн ажиллуулах чадвартай байх хэрэгтэй. Мөн түүнчлэн ямар нэг учир явдал нь тайлагдахуйц эсхүл хийж, бүтээж болохуйц шинэ зүйлийг урьдаас тааварлаж мэдрэх “совин”-той байвал зохилтой.

Гараг ертөнц дээрх хамгийн агуу үнэт зүйл бол АМЬДРАЛ өөрөө юм. Өөрийн болон өрөөлийн амьдрал, ургамал амьтны ертөнц, соёлын амьдрал, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээн дунд өрнөж буй бүхий л амьдрал гэх мэт… Амьдрал бол яах аргагүй л нэгэн харцаар нэвт ажиж болшгүй олон өнгөтэй, буман авиатай хөлгүй их далай билээ.

Хүн бид урьд өмнө нь огт тогтож, анзаараад байдаггүй зүйлстэй байнга л таарч байдаг. Тэдгээр учралууд бол бидэнд байдаг гоо сайхан, гэнэт л гараад ирдэг цэлмэг ухаан, дахин давтагдашгүй байдал зэргийг мэдрүүлж, төрүүлж байдаг зүйлс юм шүү.

Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм

ХБНГУ, Кайзерзлаутерн хот

2021.08.06

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet