“Судалгааны мөн чанар (Research Integrity)” сэдэвт симпозиумд оролцсон товч тэмдэглэл

Dermee Byambasuren
3 min readOct 22, 2020

--

Ковидын үед энд тэнд зохион байгуулагддаг онц сонирхолтой олон улсын хурал, семинарууд ихэнхи нь онлайн хэлбэрт шилжиж нээлттэй болсон нь нэг талаараа их өгөөжтэй ч юм шиг. Сүүлийн үед дэлхий дахинаа шинжлэх ухаанд итгэх итгэл болоод судалгааны мөн чанарын талаар нэлээд ширүүн хэлэлцүүлэг өрнөж байна. Өнгөрсөн долоо хоног Голландын судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан “Судалгааны мөн чанар (Research Integrity)” сэдэвт симпозиумд оролцож олон талын шинэ мэдлэг, мэдээлэл олж авав.

Source: https://www.nsri2020.nl/

Олон улсад шинжлэх ухаан, судалгааны салбарын хөгжлийг сүүлийн үед ямарваа нэг асуудалд бүтээлчээр учир шатгааныг, мөн чанарыг нь илрүүлэх суурь зорилгоо умартаж тодорхой ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөн бие даасан байдлаа алдаж институцчилэгдсэн гэж шүүмжилж буй. Үүнтэй холбогдуулан дэлхийн олон их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн судалгааны чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхийлэн ажиллаж байна.

Голланд улс л гэхэд судалгааны мөн чанарыг дахин эргүүцэлж сайжруулахаар үндэсний хэмжээнд томоохон судалгааг (National Survey on Research Integrity) явуулж байгаа юм байна. Голландын уг санаачилга нь шинжлэх ухааны салбарт “Integrity”-гээ нэмэгдүүлэх замаар асуудлыг хэрхэн бүтээлч, үр дүнтэйгээр хамтран шийдэх боломжийг эрэлхийлж байгаагаараа бусад улс орнуудад, тэр дундаа эрдэм шинжилгээний байгууллагуудад зөв үлгэр жишээ, манлайлал болж байна гэж харж байна. Энэхүү судалгаа нь судалгааны ажилд баримталж буй хэм хэмжээ, зан төлөв мөн цаашлаад нээлттэй шинжлэх ухааны (Open science) арга зүйн болон өгөгдөл боловсруулалтын туршлага, өрсөлдөөн, ажлын ачаалал зэрэг судалгаа эрхлэхтэй холбоотой бүхий л асуудлыг цогцоор нь эргэн нэг харж, дүн шинжилгээ хийх зорилготой ажээ. Судалгаанд нийт 40,000 судлаачдыг хамруулах ба их сургуулийн эрэмбэ чансаа, судалгааны чиглэл харгалзахгүйг үндсэн шалгуураа болгожээ.

Энэ симпозиумд суугаад Монгол Улс бас үндэсний хэмжээнд энэ чиглэлийн судалгааг хийх мөн одоо байгаа бодлогын баримт бичиг, дүрэм журмуудаа агуулгын хувьд шат шатандаа сайжруулах шаардлага тулгамдаж байгаа даа гэж дүгнэв. Ийм судалгаа хийгээд авбал бид одоо байгаа түвшингээ хэмжиж судалгаатай мэдэж авах төдийгүй ямар арга замаар сайжруулах боломжтой талаар оновчтой аргачлал боловсруулахад их л тус нэмэр болох боловуу. Голландын энэхүү туршлагыг өөрийн онцлог, нөхцөл байдалдаа тааруулаад хийвэл бид цаг хугацаа, үр ашиггүй зардлыг хэмнэх, мерит нийгмийн суурь төлөвшлийг бэхжүүлэх гэх мэт олон асуудлыг аажмаар цэгцлэнэ дээ гэж бодож сууна.

Уг симпозиумаар доорх асуудлыг авч хэлэлцжээ. Симпозиумын илтгэлүүдийг эндээс үзнэ үү. https://www.nsri2020.nl/symposium

  1. Хариуцлагатай судалгааны ажлын туршлагыг дэмжихэд их сургуулиуд ямар арга хэмжээ авч, юу хийх боломжтой вэ? (Тилбургийн их сургуулийн захирал Klaas Sijtsma)
  2. Судалгааг улс төржүүлэх нь ба судалгааны мөн чанар дахь түүний нөлөө (Bert Bakker (UvA)
  3. Судалгааны мөн чанар: Чанарын судлаачид (Qualitative researchers) үүнийг юу гэж ойлгодог вэ? Roeline Pasman (Amsterdam UMC)
  4. Нээлттэй шинжлэх ухааны туршлагыг судалгааны мөн чанартай холбон авч үзэх нь Daniel Lakens (Tu/e)
  5. Судалгааны үр дүнгийн найдвартай байдлыг 4 үр дүнтэй аргаар шалгах нь Michèle Nuijten (Tilburg University)
  6. Бид яагаад шинжлэх ухаанд илүү их итгэх ёстой вэ? Rosanne Hertzberger (NRC Columnist & Microbiologist)
  7. Голландын судалгааны мөн чанарын тухай үндэсний судалгааны ач холбогдол Jeroen Geurts

Жич: Би энд Integrity гэдэг үгийг мөн чанар гээд оноочлоо. Энэ үгийн утгыг монгол хэлээр шууд илэрхийлэх гэсэн эх хэлний мэдлэг дутав. Энэ үг нь аливаа дааж авсан ажил, амлалт түүнийгээ шударгаар, зарчимч, хариуцлагатай хийж гүйцэтгэх ухамсар болоод үүрэг хариуцлагыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл ямар ч түвшинд (хувь хүн, байгууллага, улс орон, үндэстэн) , ямар ч контекстод тухайн оролцогч талын дотоод мөн чанар, агуулгатай холбоотой хандлага, сахилга бат, ёс суртхууныг илтгэж байна гэсэн үг. Жишээ нь, би хэр мөн чанартай хүн бэ? Миний ойр тойрны хүрээлэл хэр зэрэг мөн чанартай эсэх? Манай гэр бүлийн, байгууллагын, намын цаашлаад улсын, бүс нутгийн, дэлхийн хөгжлийн мөн чанар хэр түвшинд байна вэ? Бид арай мөн чанарын хямралд өртсөн яваа юм биш биз? гэх мэт асуултуудыг эргэцүүлэхэд энэ үгийн утга илүү тодорно! :)

Магад ёс зүй гэж оноож болох ч ethics-тэй андуурагдах тал бий. Учир нь, ёс зүй нь зөвхөн гадаад хүчин зүйлсээр тодорхойлогддог мөн хэмжигддэг нийтлэг хэм хэмжээ, стандартыг илэрхийлж байгаа болохоор учир дутагдалтай. Иймд, энэ үгийг монголоор оновчтой оноож хэлэх хүн байвал их талархана шүү.

Баярлалаа! :)

Эх сурвалж: https://www.nsri2020.nl/

WRITTEN BY

Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting — always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet