Инноваци (шинийг сэдэхүй) хэрхэн ажилладаг вэ?
Ийм нэгэн ном гарчээ. Гарчиг нь “Инноваци (шинийг сэдэхүй) хэрхэн ажилладаг вэ?”
Номын зохиогч саяхан тангаргаа өргөсөн АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байденд энэ л манай улсын хөгжлийг дахин загварчлахад чухал хөшүүрэг болно хэмээн уг номоо бэлэг барьжээ.
Зохиогч уг номондоо “инноваци” гэдэг яаж явагддаг, яагаад бий болдог, хэзээ бас хаана явагддаг болоод түүний мөн чанар, утга агуулга, хэрэглээ, эдийн засгийн үр өгөөжийг тайлбарлахын зэрэгцээ өнгөрсөн болон өнөө цагийн шилдэг гэсэн холбогдох зохион бүтээгч, шинийг сэдэгчдийн үүх түүх, туршлагаар номоо баяжуулсан нь ихэд таашаалтай. Түүний авсан жишээ баримтууд гол төлөв эрчим хүч, нийтийн эрүүл мэнд, тээвэр зууч, хоол хүнс, технологи бага шингэсэн салбар болон компьютер, харилцаа холбооны салбарууд дээр тулгуурлажээ.
Тэрээр инновацийг хувьслын адил үргэлж дэлхий ертөнцийг шинэ хэлбэрт, хэв маягт дахин загварчлах арга замуудыг нээж байдаг өвөрмөц үйл явц гэж тодорхойлжээ. Мөн инновацийг хийх гол хөшүүрэг, болоод нууц ЭРХ ЧӨЛӨӨ гэж онцолсон байв. Энэ нь бодож сэтгэх, турших, харилцан солилцох, хөрөнгө оруулах, бүтэлгүйтэх, төсөөлөх гэх мэт хүний хүслийг гүйцэлдүүлэх бүтээлч үйлдлүүд дээр хэр чөлөөтэй, хайрцаглагдахгүй байхыг хэлнэ гэжээ.’
Жишээ болгож шинийг сэдэгч нийгмийг тодорхойлохдоо: “Ард иргэд нь нийгэмдээ хүслээ чөлөөтэй илэрхийлж, үүнийхээ араас сэтгэл ханамж эрэлхийлж явдаг эрх чөлөө байгаа эсэх үүний сацуу бүтээлч тархинууд нь хэр өөрсдийн санаагаа бусдад хор хөнөөл учруулахгүйгээр туршиж, сайжруулах эрх чөлөөг эдэлж байгаагаар хэмжигдэнэ” хэмээжээ.
Түүний номоос шидэх гол санаанууд:
→Инноваци бол өсөлттэй бас тархдаг үйл явц.
→Инноваци зохион бүтээхээс илт ангид ойлголт.
→Инноваци ихэвчлэн тохиолдлын шинжтэй(serendipitous). — Инстаграмыг анх тоглоомын апп хийхээр эхлүүлж байж. Твиттерийг анх хүмүүст подкаст олох аргыг зааж өгөх гэж бүтээж байж.
→Инноваци хосмог, нийлэг бүтэцтэй (recombinant). — санаа хоорондын уялдаа, нягтрал
→Инноваци багийн спорт буюу хамтын шинжтэй.
→Инноваци нь няцашгүй, тууштай байдлыг шаарддаг.
→Инноваци нь хурдавчилсан эргүүлэг (hypo circle) шинжтэй буюу тасралтгүй эргэлддэг
→Инноваци илүү төвлөрсөн бус засаглалд мөн доороос өгсөх чиглэлтэй (bottom-up) явагддаг.
→Инноваци их гэхээсээ бага нөөц, материалын үр дүнд бий болдог.
→Инноваци бол шинжлэх ухааны ээж байхын зэрэгцээ охин нь байдаг.
→Инноваци ажилгүйдлийг хязгаарладаг.
→Том компаниуд инноваци хийхдээ муу байдаг.
→Инноваци чөлөөт сэтгэлгээнээс эхтэй.
→Инноваци бүхэллэг болоод салангид хэв маяг, хамаарлыг нэгтгэдэг.
Энэ номыг уншаад төрсөн хувийн товч сэтгэгдэл:
Монгол Улс бусад улс орнуудыг бодвол маш эрх чөлөөтэй, нэгэн хэв загварт хайрцаглагдаагүй, уян хатан нийгмийн бүтэцтэй юм байна даа гэж бодлоо. Нөгөө талаас бидний нүүдэлчин соёл тэр чигтээ шинийг сэдэхүйг болоод уран сэтгэлгээг агуулсан өвөрмөц хөрс юм байна гэж эргэцүүлэв. Гагцхүү бидэнд нөр их оюуны эрэл, сониучархал (intellectual curiosity), эрдэм мэдлэг (шинжлэх ухаан), түүний ухаалаг, бүтээлч хэрэглээ (технологи), нийгэмд үнэ цэнэ бүтээх бүтээлч үйлдвэрлэлийн соёл (entrepreneurial culture) хамгийн ихээр дутагддаг юм шиг…