Амьдралын утга учир чухам юунд оршдог вэ?

Dermee Byambasuren
4 min readJul 12, 2021

--

[Д.С.Лихачёв “ Сайн, сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 5-р захидал]

http://izbrannoe.com/news/mysli/akademik-dmitriy-likhachev-v-chem-smysl-zhizni/

Хүн гээч өөрийн оршин буйн үүрэг зорилгыг янз бүрээр л тодорхойлж болох юм. Гэвч зорилго гэдэг угтаа өсөн дэвжихийн тухай ойлголт байх ёстой. Эс тэгвээс аж төрж “амьдрахуй” байхгүй болно. Ерөөс хүн амьдралд өөрийн гэсэн үзэл баримтлал, зарчимтай байх хэрэгтэй. Харин тэрхүү үзэл баримтлал, зарчмыг өврийн дэвтэртээ буулгаж бичих нь сайн хэрэг бөгөөд тухайн тэмдэглэлийг амьд, үнэ цэнэтэй байлгахын тулд хэнд ч үзүүлж бас хэнбэгуайд чиг нотолж харуулах гэж адгахгүйгээр зөвхөн өөрөө өөртөө зориулан бичвэл жинхэнэ тэмдэглэл болох нь тэр.

Хүн бүрийн амьдралын зорилгод нь, зарчмуудад нь, явдал мөрт нь ердөөсөө бүхий л амьдралд нэг л дүрмийг баримталваас зохилтой. Насны эцэст амьдралаа эргэн нэг харахад ичих эмээж, халаглахгүй байх тухай буюу оршихуйн жамаас гажуудалгүй, хуулийн дор, хүн ёсны мэдрэмжтэй амьдрах тухай л яриад байгаа хэрэг. Хүн чанар, ёс суртахуун гэдэг хүнээс халуун дулаан сэтгэл, өгөөмөр зан, аар саархан юмны төлөө амин хувиа хичээхгүй байх, үнэнч хийгээд шударга байх, хүний сайн анд нөхөр, хань ижил байх, бусдад гараа сунган туслахад баяр хөөрийг үргэлжид мэдэрдэг байх зэргийг шаарддаг юм.

Амьдралд өөрийн гэсэн мөн чанар, ёс суртахууны хэм хэмжээ бас хязгаар гэж бий. Хүн том ч бай жижиг сажиг ч бай сэтгэл ханамж, дур хүслээс татгалзах; өөрийгөө хазаарладаг байх; уучилж энэрч сурах; бусдын өмнө алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй юм. Энэ бүхэн нь худал хэлж, хэн нэгэнд дулдуйдан зулгуйдахаас хавь илүү билээ. Хүн ямар ч зүйлд бусдыг хуурч мэхлэх хандлага гаргана гэдэг нь эцсийн дүндээ өөрөө өөрийгөө л хуурч байна гэсэн үг. Хэдий өрөөл бусдыг хуурч, дөмөгхөн дөнгөж чадсан байлаа ч гэмт хүн гэлбэлзэнэ гэдэгчлэн хийсэн үйлийг нь бусад хүмүүс аль хэдийн таньж мэдсэн ч чимээгүй өнгөрөөдөг. Худал хуурмаг үг яриа, явдал мөр гэдэг хэзээд л ул мөрөө үлдээж байдаг гэмтэй. Хүмүүст аливаа худал, үнэнг таньж ялгах онцгой мэдрэмж байдаг хэдий ч тэрхүү мэдрэмжийг баримтжуулан, нотлоход бэрх учир тэд зууралдаад байхыг нэг их хүсэхгүй орхичихдог юм.

Байгаль эх олон сая жилийн тэртээгээс хүмүүнийг бүтээсээр ирсэн. Хүмүүн бид байгаль эхийн энэхүү бүтээлч хийгээд бүтээгч үйл хэргийг ямагт хүндлэн дээдлэх гэж би хувьдаа үздэг. Иймээс л хүн бидний явдал мөрийн дээр эгнэгт оршин буй байгалийг зовоож тамлахгүйгээр ёс суртахуунтай амьдарвал зохилтой. Байгаль эх амьдралд өрнөн буй өөрийнх нь эсрэг чиглэсэн хүмүүний бусармаг, сүйтгэх явдлыг ямарч тохиодолд таашаадаггүй учир хүмүүн бид амьдралдаа байгаль эхийн бүтээлч хийгээд бүтээхүйн зүй тогтол, мөн чанарыг ухаж ойлгон хэзээд дэмжиж байвал зохилтой.

Үүнийг хэрхэн, яаж ойлгох, өөрийн амьдрал ахуйдаа хэрэгжүүлж, мөрдлөгө болгоход хүн бүр дор бүрнээ өөрийн онцлог, авъяас билиг, сонирхол ур чадвар зэрэгт нийцүүлсэн хариулттай байвал зохилтой. Гагцхүү хүн бүтээлч сэтгэлгээ, ур ухааныг гээгдүүлэхгүйгээр ямагт хурцалж, өнгөлж амьдарвал болох нь тэр. Амьдрал гэдэг олон янз тийм ч учраас бүтээхүй нь ч мөн л ялгаагүй. Тийм ч учраас бүтээлч сэтгэлгээ, бүтээхүй ч гэсэн хүн бүрийн авьяас билиг, ур чадвараас хамааран харилцан адилгүй байдаг. Та үүнийг юу гэж бодож байна даа ?

Амьдралд аз жаргалыг хэмждэг өөрийн гэсэн тодорхой хэмжигдэхүүн гэж бий. Яг л далайн төвшний хэмжээг тооцдогтой агаар нэг. Эхлэх цэг, төгсөх цэг гэдэг шиг. Тиймээс ч хүн бүрийн том ч бай, жижиг ч бай үйл хэрэг дэхь зорилго, зорилт нь аз жаргалын төвшинг нэмэгдүүлэхэд оршиж байдаг юм. Та бидний хувийн аз жаргал ч гэсэн үүнээс гадуур орших учиргүй. Гэхдээ уг чанартаа эргэн тойрны хүрээллээс тань халих учиргүй. Өөрөөр хэлбэл танд хэн ойр байна, тэр хүний аз жаргалын төвшин ч энгийн, хөнгөхөнөөр цаанаасаа л ундрах учиртай гэсэн үг юм. Улмаар бидний эх орон, нийт хүн төрөлхтний аз жаргалын түвшинг ч эцсийн дүндээ нэмэгдүүлж буйтай агаар нэг юм.

Үүнд хүрэх арга замууд нь хэдий өөр өөр байж болох ч хүн бүрд ямар нэн боломж нь байдаг. Хэрэвзээ аз жаргалын түвшинг ахиулахад аливаа төр засгийн бодлого, шийдвэр нь тодорхойгүй эс бөгөөс ухаалгаар шийдэгддэг бол бид өөрсдийн ажлын орчин, сургууль соёл, найз нөхдийн хүрээнд бид аз жаргалыг бий болгож, түгээх ч боломжтой. Хүн бүрт ийм боломж нь бий шүү дээ.

Амьдрал бол угтаа уран сэтгэмж, урлахуй, бүтээхүй юм. Гэхдээ энэ нь хүн бүр цаанаасаа зураач, балетчин эсвэл эрдэмтэн болж төрөөд түүгээрээ амьдарна гэсэн үг биш юм. Бүтээлч сэтгэлгээг бас бүтээж болдог юм. Зүгээр л орчин тойрондоо болон өөртөө ч тэр халуун дулаан уур амьсгал, эрчим бүрдүүлэхээс л эхэлдэг. Тухайлбал, хүн амьдран буй нийгэмдээ баяр баясал, гэрэл гэгээг ч тэр, хар бараан, ээдрээтэй уур амьсгалыг ч бий болгож болдог. Үүнд л бүтээлч сэтгэлгээ оршиж буй юм. Ур ухаан гэдэг тасралтгүй үргэлжлэх үйл явц. Тиймээс ч амьдрал гэдэг мөнхийн бүтээж туурвихуй юм.

Хүн төрсөн цагаасаа л өөртөө дурсамжуудыг бүтээсээр ирдэг. Та өөртөө ямар дурсамжууд үлдээмээр байна вэ? Энэ тухай бид тодорхой нэг цаг үеэс л санаа тавьж байх учиртай. Учир нь амьдралын төгсгөл хэзээ ч бий болж магад учир эртнээс энэ тухай эргэцүүлж байх хэрэгтэй. Иймээс л өөрөө өөрийнхөө тухай чухам ямар дурсамж үлдээх нь машид чухал юм.

Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм

ХБНГУ, Кайзерзлаутерн хот

2021.07.11

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet