Хөгжил ба хүүхдийн тархийг бүтээхүй
Өндөр хөгжилтэй гэх улс орнуудын төр засаг, томоохон их дээд сургууль, судалгааны хүрээлэнгүүд хөгжлийн асуудлыг хүний хөгжил тэр дундаа бага балчир насны хүүхдийн тархи, оюуны хөгжилтэй холбож ирээдүйн хойч үеэ бэлдэх талаар онцгой анхаарч янз бүрийн санаачилга, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Бага, балчир насны (0–5) хүүхдийн эрүүл саруул тархи, оюун ухааны, бие бялдарын өсөлт хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтыг аливаа улс орны боловсрол, эрүүл мэндийн түвшин, шудрага ёс, хариуцлага, эдийн засгийн бүтээмж, амьдралын чанар стандарт зэргийг дээшлүүлэхэд тэргүүлэх ач холбогдолтой гэж том зургаар нь харж хөгжлийн асуудалдаа хандаж байна. Бид ч мөн адил ийм байдлаар хүний хөгжлийн асуудалдаа сууриар нь, цогцоор нь, системтэй хандах нь зүй юм. Айл өрхийн жишээнээс авахад манайхан хүүхдүүддээ багад нь сайн анхаарал хайр, халамж тавиагүй байж жоохон томроод ирэхээр мөнгөөр л бүх асуудлыг шийдэх аятай аяглаж аль үнэтэй сургууль, сайн багшид өгч сайн, зөв хүн болгохыг хайж эрэлхийлж тэднээс шаарддаг нь логикийн хувьд зөрчилтэй ч юм шиг. Улс орны хувьд аваад үзэхэд хүүхэд капитал, тэдний боловсрол, соён гэгээрлийн асуудлаа гаргууд хаясан мөртлөө сайн сайхан нийгэм, өндөр хөгжил дэвшил ярих нь мөн л адил логик алдаатай юм шиг…Иймд, хүүхдийн тархины болон оюуны бусад танин мэдэхүйн суурь чадвар бага, балчир насандаа илүүтэй сууж төлөвшдгийг сайтар ойлгож ухамсарлан үндэстний өнгө төрх, тодотголтой “ОЮУНЫ БААТРУУДАА” бэлтгэх стратегийг даруй хийх хэрэгтэй юм шиг…
Энэ яагаад чухал болох тухай Харвардын их сургуулийн хүүхдийн хөгжлийн төвөөс гаргасан “Brain Hero” 3 минутын видеог үзнэ үү.