Хүүхэд хэрхэн хэлд ордог вэ?

Dermee Byambasuren
4 min readMay 21, 2020

--

Хэл боловсруулалт (Language processing) нь нарийн төвөгтэй тогтолцоо бөгөөд тархины янз бүрийн хэсгээр тархсан мэдрэлийн сүлжээнээс бүрддэг байна. Тархины мэдрэлийн эсүүд өвөр хоорондоо хэрхэн холбогдох үйл явц нь тархи ажиллах үндсэн зарчмын гол тулгуур гэлтэй.

Бага насны хүүхэд хэлийг хурдан, төвөггүй суралцдаг нь тэдний ямар нэг хэл соёл хамаарахгүйгээр 6 сартайхандаа шулганах үйл явцаас авахуулаад 3 нас хүртэл бүтэн энгийн өгүүлбэр хэлж эхлэх үе хүртэлх шилжилтээс илт харагддаг. Тэдний хараа болон сонсголын мэдрэхүй хамгийн түрүүнд хөгждөг бөгөөд араас нь хэл ярианы болон бусад танин мэдэхүйн чадварууд нь хөгждөг байна.

https://vivaling.com/perceiving-sound-contrasts-1-year-age-never/
https://vivaling.com/perceiving-sound-contrasts-1-year-age-never/

Хүүхэд хэрхэн хэлд орж эзэмшдэг, хэл сурч буй тогтмол өсөлт хэрхэн өрнөдөг, энэхүү үйл явц тэдний тархины эс хоорондын синапс холбоог хэрхэн бэхжүүлдэг мөн цаашлаад хүүхдийн өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай ээдрээтэй асуултанд сэтгэл зүйч, тархи судлаач, хэл шинжээч эрдэмтэн судлаач нар толгойгоо гашилгаж байгаа билээ.

Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхлээд л хэл ярианы янз бүрийн авиаг хүлээж авах, ялгах, таних замаар суралцдаг. Байгаль бусад амьтадын үр төлийг ч гэсэн ялгаагүй өөр өөрийн гэсэн дуу авиа гаргах төрөлхийн чадвартай бүтээдгийг бид мэднэ. Харин хүмүүс бид тэмдэгээр (үг болон хэлэхүйн авиа) өгүүлбэр бүтээж түүгээрээ санаа бодлоо илэрхийлэх, хорвоо ертөнцийг таньж мэддэг чадвараараа бусад амьтдаас ялгаатай билээ. Юун түрүүнд уг асуудалд receptive буюу хүний аман болон бичгийн, харааны мөн бусад мэдрэхүйгээр хүлээн авах үйл, expressive буюу аман болон бичгээр, дүрслэлээр өөрийн санаа бодол, хүсэл зоригоо илэрхийлэх үйлд ямар нэг асуудал байгааг тодорхойлох нь зүй байдаг. Хэл эзэмшихүй болон хэл ярианы хөгжлийн асуудалд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэлний нийтлэгийн тухай (Chomsky, Universal Grammar ) онол байдаг. Чомский аливаа хэлний дуу авиа, хэл зүйг (grammar) зааж сургадаггүй ба төрөлх шинж чанартай харин хэлний утга зүй ба хэрэглээг амьдралын туршид суралцаж олж авдаг нь хүн төрөлхтний бүхий л хэлэнд нийтлэг гэсэн таамаглал дэвшүүлж батласан гэдэг. Туршилтын судалгааны үр дүнгээр ч энэ нь нотлогдсон гэх.

Америкийн Вашингтоны их сургуулийн П.Кухл тэргүүтэй судлаачдын баг нялх хүүхдийн тархины хөгжил, хэл ярианы хөгжлийн асуудлыг MEG (тархинд цахилгаан гүйдлээр үүсдэг толгойн гадна талд буй соронзон орныг хэмждэг багаж) багаж ашиглан судалж хүүхэд эхний 6 сардаа дэлхийн бүх хэлний дуу авиа, хөгийг ялгаж таньдаг өндөр чадвартай байдгийг тогтоосон байна. Судлаачид хүүхдийн тархи энэ үедээ (6 сар хүртэл) “дэлхийн иргэн” гэж хошигнож ярьж байсан ба уг хугацаанаас хойш өөрийн төрөлх хэлний дуу авиаг ялган цааш нарийвчлан суралцаж хөгждөг байна гэжээ. Дэлгэрэнгүйг нийтэд танилцуулсан доорхи бичлэгээс үзнэ үү.

  • Туршилтад Америк болон Япон эмэгтэйн ярианы бичлэгийг 6–8 сартай хүүхдүүдэд сонсгоход энэ үед хүүхэд тархины эс хоорондын синапс холбоо илүү идэвхижиж байгааг илрүүлсэн байна. Мөн түүнчлэн нярай үед нь ямар нэг авиа сонсгомогц тархины сонсох хэсгийг хариуцсан хэсэг гэрэлтэж байгааг, энэ нь тэдний хөдөлгөөн (motor system)-өөр дамжин илэрч байгааг багажны тусламжтай олж мэдсэн байна.
  • Түүнээс гадна хүүхдүүд ямар нэг компьютер болон технологийн хэрэгслээр хүлээж авсан мэдээлэл тэдний суралцах чадварт үр нөлөө багатай байгааг олж тогтоосон байна. Харин хүүхэдтэй амьд, бодит харилцаанд орох (эх хэлээрээ болон гадаад хэлээр үлгэр уншиж өгөх, ярилцах, дуу хөгжим болон сонсголын хөгжилд нь зориулсан төрөл бүрийн бичлэг сонсгох, янз бүрийн хөдөлгөөн оруулсан тоглоом тоглох, дээр өгүүлсэн хүлээн авах болон илэрхийлэх чадварыг нь өдөөсөн төрөл бүрийн арга барилаар хүүхэдтэй харилцах г.м.) хүүхдийн хэл ярианы болон тархины хөгжилд хавьгүй илүү гүнзгий нөлөө үзүүлж байгааг судалгаагаараа баталжээ.

Товч дүгнэлт:

Хүүхдийн дуу авиа хүлээн авах оргил үе 6 сар хүртэл үргэлжилдэг тул энэ үед нь хэдий чинээ дуу авиа сонсгоно төдий чинээ тархины эс хоорондын холбоос бэхждэг байна. Хүүхдийн тархи нь 3 тэрбум гаран нейроноос бүтдэг ба тэдний тархины хөгжил, хэл ярианы хөгжил нь эс хоорондын холбоосоос шууд хамаардаг байна. Насанд хүрсэн хүний хэл сурах, эзэмших логикийг хүүхдийн тархитай харьцуулан үзвэл хүүхэд дуу авианд илүү мэдрэмтгий, нейрон болон эс хоорондын холбоос, тархины мэдрэлийн эсийн уян хатан чанар нь (neuroplasticity) илүү өндөр байдаг ба ийм учраас гадаад хэл сурахад төвөггүй, унаган хэл мэт суралцдаг байна.

Үүнээс дүгнэж үзэхэд хэлний дуу авиа хүлээн авах болон дүрмийн мэдлэг тархинд төрөлхийн өгөгдсөн байдаг гэж үзвэл үг, өгүүлбэрээр илэрхийлэх утга, хэрэглээнд чиглэсэн гэх мэт давтлагаар эзэмшихээс өөр аргагүй бусад чадваруудаа онцгой анхаарч, эрчимтэй, их давтамжтай суралцах ёстой. Ингэж гэмээнэ хүн төрөлх хэлээрээ ч мөн эзэмшсэн гадаад хэлээрээ ч юмыг эрүүл саруулаар, эмх цэгцтэй бодож сэтгэж, тодорхой ойлгомжтой илэрхийлж ярьж бичиж сурдаг ажээ. Өөрөөр хэлбэл хэлний авиа зүй ба дүрмийн мэдлэг нь төрөлхөөс заяасан зузаан дэвсгэртэй харин тухайн хэлээр яаж бодож сэтгэж, илэрхийлж, ярьж бичих нь тухайн хүний хичээл зүтгэлээс ихээхэн хамаарах юм.

Эх сурвалж:

  1. Kuhl, P. K., Williams, K. A., Lacerda, F., Stevens, K. N., & Lindblom, B. (1992). Linguistic experience alters phonetic perception in infants by 6 months of age. Science, 255, 606–608.
  2. Kuhl, P. K., Andruski, J. E., Chistovich, I. A., Chistovich, L. A., Kozhevnikova, E. V., Ryskina, V. L., Stolyarova, E. I., Sundberg, U., & Lacerda, F. (1997). Cross-language analysis of phonetic units in language addressed to infants. Science, 277, 684–686.
  3. Kuhl, P. K. (2000). A new view of language acquisition. Proceedings of the National Academy of Sciences, 97, 11850–11857.
  4. Kuhl, P. K., Tsao, F. M., Liu, H. M., Zhang, Y. & de Boer, B. (2001). Language/Culture/Mind/Brain: Progress at the Margins Between Disciplines. In
  5. A. R. Damasio (Ed.). Unity of Knowledge: The Convergence of Natural and Human Science (136–174). New York: The New York Academy of Sciences

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet