Хүний тархи, оюун ухаан дахь мэдлэгийн тусгал
“When the desire for knowledge guides us, we produce science: we discover the truth. When the desire for good guides us, we produce ethics: we discover moral principles. When the desire for beauty guides us, we produce arts”. (Piotr Jaroszynsky, 2017)
Өнгөрсөн долоо хоног Унгар, Хятадад философийн чиглэлээр докторын түвшинд суралцдаг хоёр оюутантай мэдлэгийн тухай өөр өөрсдийн чиглэлээр санаа бодлоо солилцож, мэдлэгээ хуваалцав. Манай хоёр философийн тэр дундаа эпистимологийн (мэдлэг судлал) үүднээс мэдлэг гэж чухам юу болох, ямар ямар онолууд, таамаглалууд бий эсэх талаар ярьсан бол миний хувьд илүүтэй тархи, танин мэдэхүйн шинжлэх ухааны үүднээс мэдлэгийг юу гэж тайлбарладаг, мэдлэг хэрхэн тархи, оюунд хэрхэн бүтэж боловсруулагддаг тухай хэлэлцүүлэв. Энэ ойлголт нэлээд өргөн хүрээтэй хэдий ч чухам мэдлэг хэрхэн яаж бүтэж, бид үүнийг хэрхэн үндэстнийхээ түвшинд ухамсарлаж ойлгож улмаар нэгдсэн нэгдмэл үзэл санаанд хүрэх асуудлыг олон талаас нь судалж нухацтай авч үзэх шаардлагатай гэж би хувьдаа бодож явдаг.
Танихуйн шинжлэх ухаанд мэдлэгийг бусад оюуны үйл явцын (хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, хэл яриа, шийдвэр гаргалт, оюун дүгнэлт) нэгэн адил тусгайлан авч үздэг. Өөрөөр хэлбэл хүн аливааг мэднэ гэж юу хэлээд байгаа, ямар хүчин зүйлс нөлөөлдөг эсэх, мэдлэг тархины хаана яаж боловсруулагдаж, хадгалагддаг эсэх, ямар шинжтэй, хэрхэн яаж илэрдэг зэрэг олон асуултуудад хариулт эрэхээр судалдаг гэсэн үг юм. Энэ талаар өөрийн үзсэн хичээл, ном, уншсан эрдэм шинжилгээний өгүүллүүд зэрэгт тулгуурлан тойм үзүүлэн илтгэл бэлтгэснийг энд дарж сонирхоно уу.
Мөн түүнчилэн мэдлэгийн талаар товч, тодорхой тойм өгөх зорилгоор нэгэн бүтээлээс авсан эшлэлээ хүргэе. Польшийн философич Пиотр Яаросцинский “Science in culture, 2007” бүтээлдээ: Мэдлэг гэдэг хүн төрөлхтөний хувьд юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг бүтээлчээр эрж хайхад чиглэсэн бие даасан, нийтлэг үнэт зүйл билээ. Үүнийг мөн шинжлэх ухаан гэж ч том зургаар нь тодорхойлдог. Тэрээр мэдлэг, ёс суртхуун, урлаг гурав нь оюун ухаант хүнийг тодорхойлох илэрхийлэл, бүтээл юм хэмээгээд ийн өгүүлжээ.
Мэдлэгт хөтөлсөн хүсэл биднийг залж, удирдахад бид шинжлэх ухааныг бүтээнэ. Ингэснээрээ бид үнэнийг эрэлхийлнэ. Сайн сайханд хөтөлсөн хүсэл биднийг чиглүүлэхэд бид ёс зүйг бүтээнэ. Ингэснээрээ бид ёс суртахууныг бий болгоно. Гоо зүйд хөтөлсөн хүсэл биднийг замчилахад бид урлагийг бүтээнэ. Харин энэ дундаас мэдлэг ямагт нэн тэргүүнд тавигдах ёстой. Учир нь оюун ухаант хүний анхдагч зорилго мэдлэг бөгөөд мэдлэгээр, ухаанаар шүүгдсэн үнэн нь ёс зүй болоод урлагийг үнэлэх үндсэн шалгуур юм гэжээ.
“Science as the bearer of truth
Ethics or morality as the bearer of good
Art as the bearer of beauty”. (Piotr Jaroszynsky, 2017)