Хүмүүсийг юу эвлүүлж нэгтгэдэг вэ?

Dermee Byambasuren
3 min readJun 12, 2021

--

[Д.С.Лихачёв “ Сайн, сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 7-р захидал]

http://pushkinskijdom.ru/ob-institute/vydayushhiesya-sotrudniki/lihachev-dmitrij-sergeevich-1906-1999/

Хайр энэрлийн хүч, цараа билээ.

Хайр халамж нь хүн хоорондын харилцааг бэхжүүлээд зогсохгүй гэр бүл, анд нөхөрлөл, нэг нутаг ус, хот суурин газрын зон олныг түүгээр ч үл барам улс гүрнүүдийг хүртэл нэгдэж, эв эеэ олон аж төрөхөд “гүүр” болж өгдөг.

Хүний амьдралыг ажаад л байгаарай.

Хүн хорвоод мэндлэхдээ хамгийн түрүүнд ээжээсээ эхийн хайр энэрлийг мэдэрдэг. Аажимдаа өдөр хоног өнгөрөхийн хэрээр аавын нөмөр нөөлөгтэй учран золгодог. Айсуй баярын зөн болон мэндлэх гэж буй шинэ хүнээ төрөхөөс ч өмнө эцэг эхчүүдэд хүүхдээ гэсэн хайр энхрийлэл аль хэдийнээ бүрэлдсэн байдаг.

Бусдад санаа тавьж, халамжлах сэтгэл хүнд их эртнээс төлждөг. Ялангуяа охидуудад энэ нь арай эрт суудаг. Охидууд бүр хэлд орохоосоо ч өмнө өөрсдийн тоглодог хүүхэлдэйгээ арчилж, асарч торддог. Харин балчир хөвгүүд маань мөөг түүх, загас барихийг илүүтэй таашаадаг. Охидууд ч мөн ялгаагүй жимс жимсгэнэ, мөөг түүх хураахад дуртай байдаг шүү дээ. Тиймдээ ч тэд зөвхөн өөртөө бус өрөөлд зориулан түүж, бэлтгэсэн зүйлсээ өвөлдөө зэхдэг нь “бусдыг” гэсэн сэтгэлийн нэгээхэн илрэл юм.

Улмаар балчир үрс маань аажим аажмаар зөвхөн өсөж торнисон ахуй гэлтгүйгээр сургууль соёл, хот тосгод, эх орон зэрэг илүү том, өргөн хүрээний зүйлсэд санаа сэтгэл тавьж эхэлдэг.

Хайр энэрэл, халамж гэдэг өргөжин тэлэх хэрээр илүү бусдыг гэсэн сайн, сайхан сэтгэлийг үүтгэдэг. Хүүхдүүд өөрсдийг нь хүн болгож, өсгөн торниулсан эцэг эх, настан буурлуудынхаа ач энэрлийг цагийн аясаар эргэн ачыг нь хариулдаг. Ачыг ачаар гэдэг шүү дээ. Өвгөд хөгшидөө гэсэн тэр хайр энэрэл нь хожмоо тэнгэрт дэвшсэн ижий аавынхаа тухай дурсан санах гэр бүлийн дурсамж болон ундарч цаашлаад унасан ус, угаасан газар, эх орноо хайрлан дээдлэх сэтгэлтэй агаар нэг болдог.

Хэрэвзээ хүн өөрийгөө л бөөцийлөөд байвал энэ нь амин хувиа хичээхийн нэр болоод дуусна. Хайр энэрэл гэдэг хүмүүсийг эвлүүлж эерүүлэхийн сацуу өнгөрсөнийг дурсан эргэцүүлэх хийгээд ирээдүйгээ бүхэлд нь тольдох цонх болж өгдөг. Энэ нь зүгээр ч нэг сэтгэлийн илэрхийлэмж биш юм. Харин элбэрэл хайр, анд нөхөрлөл, эх оронч сэтгэлийн бодит тусгал юм. Хүнд ер нь энэрэл нигүүлсэл зайлшгүй байх хэрэгтэй. Харин бусдыг үл хайхардаг, юман чинээ боддоггүй хүн бол хамгаас хүйтэн сэтгэлтэй хэнийг ч хайрлаж энэрдэггүй гэсэн үг билээ.

Ёс суртахууны дээд хэлбэр бол өр нимгэн, нинжин сэтгэлтэй байх явдал юм. Нинжин сэтгэл гэдэг нь хүн болон байгалийн харилцан шүтэлцээг ухамсарлахыг хэлнэ. Энэ нь дан ганц хүн болоод ард түмнээр хязгаарлагдаад зогсохгүй ан амьтан, өвс ургамал, байгаль дэлхий, сав шим ертөнц гэхчлэн ерөөс бүгдийг ойлгож, энэрэхийг хэлнэ. Энэрэл нигүүлсэл нь хүмүүн биднийг өөрсдийн оюун сэтгэлгээгээр үүтгэгдсэн соёл, ёс заншил, өв уламжлал, байгаль дэлхийнхээ унаган төрх байдлыг хоёргүй сэтгэлээр нандигнан хамгаалж, хүндэтгэхэд хүргэдэг юм. Иймээс л энэрч, хайрлах сэтгэл гэдэгт өөрөөс минь бусад хүн зон, үндэстэн ястан, улс орон ерөөс л гараг ертөнцтэйгээ шүтэлцэн оршихуйг хамааруулж ойлгоод байгаа юм. Чухамдаа энэрэнгүй сэтгэл гэдэг ойлголт мартагдаж, хуучирсан байж болох ч биднээс хүссэн хүсээгүй үүнийг жам ёсны дагуу дахин сэргээж, хөгжүүлж, дадуулахыг шаардсаар байна.

“Хэн нэгний хувьд яльгүй алхам байж болох ч хүн төрөлхтөний хувьд агуу том үсрэлт” гэж нэгэн эрхэм гайхамшигтайгаар онож хэлсэн байдаг.

Энд үй олон жишээ гаргаж болно л доо. Тухайлбал, халуун дотно сэтгэлтэй байх нь хувь хүнээс юу ч шаарддаггүй харин хүн төрөлхтөн нийтээрээ сайхан сэтгэлтэй болно гэдэг туйлын хэцүү. Хүн төрөлхтөнийг нийтээр нь өөрчлөх боломжгүй ч хүн өөрөө өөрийгөө анзаарч өөрчлөх нь илүү хялбар бас ухаалаг байдаг. Ухаандаа юу хэлэх гээд байна гэхээр бид үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс эхлүүлээд адаглаад гарцаар хөгшин настай хүнийг хөтлөн гарах, тээврийн хэрэгсэлд хэн нэгэнд суудал тавьж өгөх, ажлаа сайн хийж гүйцэтгэх, эелдэг найрсаг харьцаатай байх гэх зэргийг л илэрхийлэх гэсэн хэрэг. Энэ бүхэн хувь хүнд амар хялбар сонсогдох ч нийтээрээ шууд дагаж мөрдөнө гэдэг тун ярвигтай. Тиймээс та өөрөөсөө л үүнийг эхлүүлэх хэрэгтэй гээд байгаа юм шүү дээ.

Сайн сайхан зүйлс тэнэг мохоо байх боломжгүй бас хэзээ ч тийм байдаггүй. Тиймдээ ч ямар нэг ашиг хонжоо агуулдаггүй юм. Хэн нэгэн зорилгодоо хүрч чадахгүй нь угаас тодорхой байх эсвэл хуурамч сайхан сэтгэлтний дүр эсгэх үед л сайн үйлийг “тэнэг” хэмээн цоллодог, муу муухай болгон харуулахыг эрддэг. Дахин давтаад хэлье: — үнэхээр чин сэтгэлийн угаас гарсан сайн үйл гэдэг яагаад ч мунхаглал байх боломжгүй. Сайн сайхан үйл хэрэг гэдэг бол саруул ухааны эсхүл мулгуу тэнэгийн ч алинаас нь ч ангид бус зөвхөн “хүнд” л байдаг зүйл. Сайн, сайхан зүйлс үргэлж сайныг л дагуулдаг гэдэг шүү дээ.

Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм

ХБНГУ, Кайзерзлаутерн хот

2021.06.11

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet