Хүмүүжил, төлөвшилтэй хүний 8 чанар
[Хүний хүмүүжил төлөвшилийн тухай өөрийн төрсөн ахад хаягласан А.П.Чеховын захидал, 1886 он]
Оросын нэрт зохиолч, богино өгүүллэг, үгийн урлагийн их мастер А.П.Чехов өөрийн төрсөн ах Николайдаа зориулан одоогоос 135 жилийн тэртээ бичсэн захидлыг хүргэж байна. Хэдийгээр түүний ах авьяас төгөлдөр зураач, уран бүтээлч хүн байсан ч бор дарсанд толгой мэдүүлсний уршгаар ёс суртахуун, авир араншин, үйл байдал, төлөвшлийн хувьд багагүй асуудалтай болсон нэгэн байжээ.
Их зохиолч маань ахынхаа зан араншингийн сул тал, хандлагуудыг илтэд ажиглахын сацуу тэрээр хүн хэрхэн өөрийн авьяас билгээ өөрөө өөрийнхөө гараар үгүйрүүлж болдгийг ойлгон ухаарч, санаагаа чилээж бас цухалддаг байсан аж. Тэрээр энэ тухайгаа “Оросын агуу их авьяас билиг үхэж байна, үхэхдээ мөнгөний төлөө ч үхэх гэж дээ” хэмээн халаглан бичиж байв.
Хүмүүжил гэдэг нь их зохиолчийн өгүүлснээр хүнтэй яаж мэндлэх, хэрхэн идэж уух тухай бус харин ёс суртахууны зарчмуудад суурилсан тэс өөр зүйлийг илэрхийлэх ажээ. Магадгүй түүний зохиол бүтээлийг уншсан олон хүн “Хүмүүжилтэй хүн гэдэг ширээн дээр соус асгахгүй хооллохыг хэлэхгүй харин үүнийг анзаарсан ч тоохгүй, бусдыг өөлөхгүй, төлөвшсөн байхыг хэлнэ”, ”Сайн сайхан хүн гэдэг нохойны өмнө ч ичих сэтгэлээ гээгээгүй нэгнийг хэлнэ” хэмээн бичсэн ишлэлүүдийг нь санаж буй байх.
Эдүгээ цагийн хүмүүс бид эл захидлыг уншаад эргэлзэж, тээнэгэлзэлгүйгээр ухаарал хийгээд сэхээрэл авахуйцаар сэтгэлд ойр, илэн далангүйгээр захидлыг тэрээр чин сэтгэлийн угаас бичжээ. Мэдээж бид гудамжны хаа нэгтээ хэвтэж буй хөлчүү нэгэн шиг хүмүүс болохгүй нь лавтай ч ерөнхийдөө бидний ихэнх нь түүний дүү Николай Павлович шиг өөрийгөө өрөвдөж, өөртөө гомдон гутарч, авьяас билгээ ч тэр өөрийгөө ч тэр дорд үзэж “хэн ч намайг ойлгохгүй байна” гэсэн байран дээр бат зогсож байхыг үгүйсгэхгүй билээ. Өөртөө хор хүргээд ч үл барам бусдын сэтгэлд ч сүүдэр тусгахыг хэн мэдлээ. Иймд, эл захидлыг уншиж нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж хүсэж байна.
Эрхэм ах Николай танаа,
“Намайг хэн ч ойлгохгүй байна” хэмээн та надад хэзээд л үглэж гомдоллодог. Ингэж Гёте байтугай Ньютон ч гомдоллож байгаагүй юм шүү дээ. Гомдоллосон бол Есүс Христос нөхөр л ийн гомдоллосон байх ч тэрээр өөрийнхөө “БИ”-гийн талаар бус өөрийнх нь айлдсан сургаалийг л хүмүүс ойлгохгүй буйг л хэлж байсан юм шүү. Таныг тун сайн ойлгож байна л даа. Хэрэвзээ та өөрийгөө сайн ойлгохгүй байгаа бол энэ яав ч бусдын буруу биш юм.
Би таны дүү, ойр дотны хүний хувьд танд ихэд итгэхийн сацуу таныг чин сэтгэлээсээ өрөвдөж, энэрч ойлгодог шүү дээ. Дүү нь таныхаа сайн сайхан чанаруудыг 10 хуруу шигээ л мэдэж үнэлэхийн зэрэгцээ энэ бүгдэд чин сэтгэлийн угаас хүндэтгэлтэй хандаж тантай харилцдаг. Хэрэв та хүсвэл би таныг мэдэж ойлгодог гэдгийн баталгаа болгон таны сайхан чанаруудыг жирийтэл хэлээд өгье л дөө. Та их цагаан цайлган сэтгэлтэй, өгөөмөр, хар амиа бодсон бэртэгчин бус, сүүлчийн зоосоо ч бусдад гэх сэтгэлтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, атаа жөтөө, үзэн ядалтыг тэвчдэггүй, гэнэн томоогүй, хүн амьтанд энэрэнгүй ханддаг, хууран мэхлэх зангүй, өрөвч зөөлөн, гэм хоргүй үнэнч ийм л хүн билээ. Танд минь бусдад байхгүй тийм л сайхан байгалиас заяасан өгөгдөл байна. Танд авьяас билиг ч байна. Энэ нь таныг сая сая хүнээс ч илүү гэдгийг илтгэнэ. Учир юу гэвээс дэлхий дээрх 2 сая хүн тутмын 1 нь л зураач байдаг шүү дээ.
Авьяас билиг гэдэг өөрөө хүнийг бусдаас тусгаарласан, онцгой төлөв байдалд оруулчихдаг золигийн эд. Таныг бах мэлхий эсхүл хилэнцэт хорхой болчихсон байлаа гэж бодъё, тийм байлаа гээд авьяас билиг тань танаас салан одсон ч та хүндлэгдсээр л байх болно. Танд нэг дутагдал байна. Юу гэвээс таны худал хуурмагийн суурь хөрс, бүүдгэр төлөв, дотоод эрхтний үрэвсэл мэт зовиур шаналал зэрэг тань болно. Энэ бол таны адгийн гэмээр хүмүүжил, төлөвшилгүй байдлын л уршиг юм шүү дээ. Өршөөгөөрэй, “Үнэн гэдэг ямагт нөхөрлөлийн дээр нь байдгийг санаарай”. Амьдрал өөрийн гэсэн жамтай байдаг. Өөрийнхөө хэр хэмжээг аливаад голчтой ханддаг, оюун сэтгэлгээ болон ёс суртахууны төлөвшил ханхалсан орчинд өөрийгөө бусадтай харьцуулан мэдэрч, тэдний дунд үл таних, гадны нэгэн шиг байх хүндхэн мэдрэмжийг тээхгүйн тулд та заавал хүмүүжил төлөвшлийн онцгой илэрхийлэл болсон нэгэн байх нь зүй ёс юм. Авьяас билиг тань л таныг энэ хүрээлэл дунд өдий хүртэл авч ирсэн. Та ч үүнд өөрөө хамааралтай. Гэхдээ та энэ орчноос гарч соёлтой боловсон олон нийт хийгээд эгэл ардтай нүүр тулан харьцах хүн хоорондын харилцааны зүй зохист тэнцвэрийг баривал зохино. Өвгөнтийн хөндийд хоолны үлдэгдэл, лонх юмны шавхруу эрсэн арай хийн туйвагнан алхах бэртэгчин нэгэн гэж хэлэгдэж байна шүү дээ. Үүнийг ялан дийлнэ гэдэг тун чиг хэцүү тэсвэрлэшгүй бэрх эд.
Хүмүүжил төлөвшилттэй хүмүүс гэдэг минийхээр дараах шаардлагыг хангасан байвал зүй гэж би хувьдаа боддог.
1. Тэд бусдын бие хүний онцлог, ялгаатай байдлыг хүндэтгэдэг. Ийм ч учраас тэд аливаад үргэлжид хүлээцтэй хандаж, аядуу зөөлөн, эелдэг дөлгөөн басхүү буулт хийх чадвартай байдаг. Ялихгүй зүйлээс бол сүржигнээд байдаггүй. Хэн нэгэнтэй хамт амьдрахдаа дургүйцэж, цухалдаад байдаггүй харин салан одоход нь чамтай хамт амьдрах тэсвэрлэшгүй хүнд байлаа гэж хэлдэггүй хүлцэн тэвчих хандлагатай байдаг. Чимээ шуугиан, хүйтэн хөндий байдал, түлэгдсэн мах, шорвог хоол цаашлаад гэрт нь гадны хүн байхыг хүртэл тэвчиж хүлээцтэй байж, уужуу ухаанаар ханддаг юм даа.
2. Тэд зөвхөн ядуу, сул дорой нэгнийг бус хамаг амьтныг ч энэрч хайрлах тэнүүн сэтгэлтэй байдаг. Тэд энгийн нүдээр харж болохгүй буюу хүний дотор, далд буй бүхнийг мэдэрч хүлээн авах, ойлгох, зүрх шимшрэх сэтгэлтэй байдаг. Жишээ татья л даа. Хэрэв Петр эцэг эх нь өөрийнх гуниг гутралаас болж өтөлж, хүүгээ согтуу хөлчүү байгаа болохоор л санаагаа чилээж нойроо хагаслан, сэрүүн хонодог болохыг мэддэг бол аль дээр л хар усаа үл тоож нулиман тэдэнлүүгээ яарна шүү дээ. Тэд Полеваевын гэр бүлийнхэнд ээжийг нь хувцаслах, оюутан ах дүүсийг нь төлбөр мөнгийг нь төлөх зэрэгт тус дэм болохын тулд унтах нойроо умартдаг юм.
3. Бусдын өмч хөрөнгийг ихэд хүндэтгэдэг тул шахавхан шиг өр зээлээ ч эргэн төлөх сэтгэлтэй байдаг.
4. Аливаад чин сэтгэлээсээ хандахын зэрэгцээ худал хуурмагаас яг л улалзах галаас айж буй мэт сүрдэн, эмээх сэтгэлтэй байдаг. Аар саархан зүйлс дээр ч тэд худлаа ярьдаггүй. Худал хуурмаг явдал гэдэг сонсож буй хүнээ тун чиг ихээр тавгүйтүүлдэг бол өгүүлж буй хүний нүд нь гүйж, дорхноо хулмалздаг шүү дээ. Тэдний үг эх адаггүй энэ тэрээр бэлчээд байдаггүй, өөрийнхөө тухай ч бусдад үлгэрийн сайхан мэт дүр эсгэсэн худал сэтгэгдэл төрүүлдэггүй харин яг л төрсөн орон гэртээ байгаа мэт тун чиг энгийнээр биеэ авч явдаг. Мөн түүнчлэн тэд задгай ам гаргаж энд тэнд очиж дэмий чалчдаггүй бөгөөд асуугаагүй байхад цулбуургүй үгсээ урсгаад байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, тэд бусдын чихрүү хор цутгахгүй гэсэндээ ихэвчлэн чимээгүй байдаг юм.
5. Өрөөл бусдад өрөвдөх сэтгэл болон тусаллаа шүү гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өөрсдийгөө дорд үздэггүй юм. Тэд бусдыг аргадаж, бусдад санаа тавьсныхаа хариуд ч хэн нэгний сэтгэлийн утсыг хөндөж шархлуулаад байдаггүй. “Намайг ойлгохгүй байна, шалихгүй зүйлсэд авьяас билэг, чадлаа барлаа” гэх мэтээр үглэж гомдоллоод байдаггүй. Учир нь энэ бүхэн ялихгүй л үр нөлөөтэй байдаг гэдгийг, хуурамч хийгээд хуучраад л өнгөрнө гэдгийг мэддэг бас мэдэрдэг юм.
6. Тэд хий хоосон хэлбэр хөөсөн, бусдад ихэрхүү, дээрэнгүй хандагчид яавч биш байдаг. Тэдний сонирхолыг алдар цуутай эрхмүүдтэй уулзаж учрах, согтуу хөлчүү ОД хэмээгдсэн жүжигчин нөхдүүдтэй гар барих, баяр ёслолын цэнгүүн дээр тааралдсан нэгний хуурамч нөхөр болох гэх мэт хэврэг зүйлс татаад байдаггүйгээс гадна ийм мэт хөнгөн хийсвэр юмсаар огтхон ч хөөцөлдөггүй. Тэд зоосны төлөө улайран, зуун мянган рублийн төлөө л гээд сүнсээ худалддаггүй. Бас хэн бүхэнд нээлттэй биш газарт орлоо гээд эрдээд, сайрхдаггүй. Жинхэнэ авьяас билигтэй хүмүүс гэдэг үргэлжид л зон олонтойгоо бужигнаж онцгой мэт болж харагдахаас зайлсхийдэг юм. Энэ тухай нэрт ёгт үлгэрч Крылов: “Хоосон торх дүүрч цалгилсан торхноос ч илүү тод, дуу шуутай сонсогддог юм” хэмээн өгүүлсэн байдаг юм шүү.
7. Хэрвээ тэдэнд үнэхээр л авьяас билиг гээч нь бий бол тэд үүнийгээ хэзээд л хүндэтгэн авч үздэг төдийгүй уг авьяасаа амар жимэр, амгалан тайван байдал, охид эмэгтэйчүүд, хэдий сэтгэл ханамж авч болохоор ч цаанаа л хүйт даасан мэдрэмж, сайхан дарс тэр ч бүү хэл огтоос хий хоосон зүйлийн төлөө ч зольж чаддаг юм. Тэд ингэж л авьяас билгээрээ бахаддаг. Тиймээс л шалиг, завхай хүмүүстэй нэгэнт зам мөр нийлэхгүйгээ сайтар ухамсарладаг учир тэдэнтэй наргин цэнгэж, хөлчүүрхдэггүй юм. Харин ч иймэрхүү бусармаг явдлыг жигшин эгдүүцэж тэдэнд эерэг нөлөө үзүүлэхийг л эрмэлздэг юм шүү дээ.
8. Тэд өөрсдөдөө гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлж, суулгадаг юм. Адаглаад л шууд хувцас хунартайгаа унтахгүй байх, хана туургаар мөлхөж буй хорхой шавьжийг зүгээр хараад суудаггүй, бохир илжирсэн агаараар амьсгалаад л байхыг тэвчдэггүй, шүлс цэрэндээ дагтаршсан шал, талбайгаар алхахгүй байх зэргийг дадал, хэвшилийг бий болгодог. Мөн тэд бэлгийн дур хүслээ хазаарлаж, үүнд маш хэмжээ хязгаартай, журамтай хандаж чаддаг юм.
Тэдэнд эмэгтэй хүний энэрэл нигүүлсэл, хайр халамж, хүнлэг сэтгэл зэрэг эрхэм нандин чанарууд л юу юунаас илүүтэй хэрэгтэй. Үүгээр ч үл барам тэдэнд хуурамч жирэмслэлтээр мэхлэх хандлага, худлаа ярих явдал, нүд цавчилгүй мэлзэж гөрдөх явдал гэхчлэн зарим эмэгтэй хүний явцуу ухаан, ор дэрний асуудал огтоос илүүц юм. Тэд өөрсдийгөө залхуу, залхаг амьтад шиг арчаагүй биш гэдгээ мэддэг тул булан тохой онгичоод, архи дарс шиншин давтиргүйтээд байдаггүй. Зав чөлөө олдвол л сая нэг тухтай тааруулж уудаг юм. Тиймээс л эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ.
Энэ мэтээр л хүмүүжил, төлөвшлийн эрхэм чанарууд үргэлжилнэ дээ. Өөрийгөө сургаж төлөвшүүлэх болон өөрийн орчин хүрээллээсээ доогуур нэгэн байхгүйн тулд заавал Пиквикийг уншдаг, Фаустыг цээжээр мэддэг байх албагүй юм. Зүгээр л өдөр шөнөгүй тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөх, мөнхийн уншиж судлах гэсэн оргилуун хүсэл зориг л хэрэгтэй. Ийм цаг мөч бүхэн үнэ цэнтэй гэдгийг эргэцүүлээрэй. Иймээс ах минь гэрлүүгээ бушуухан харьж архины шилээ хагалаад орон дээрээ тааваараа хэвтсэн шигээ уншихыг л бод. Ядаж Тургеневыг уншаагүй бол уншаарай.
Таныгаа хүлээж байна, Бид бүгдээрээ харуулдан суугаа шүү.
Таны дүү, А.П.Чехов
/Москва хот, 1886 оны 3-р сар/
Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм
ХБНГУ, Кайзерзлаутерн хот
2021.07.15