Угтаа бол залуу нас гэдэг БҮХ АМЬДРАЛ юм.
[Д.С.Лихачёв “ Сайн, сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 2-р захидал]
Сурагчийн ширээнээс их сургуулийн танхимд шилжин суралцаж байхдаа би бээр “Ингэж нэг эрийн цээнд хүрч том хүн боллоо шүү” гэсэн ухааны юм бодсон авч амьдрал гэдэг яагаад ч юм төсөөлсөнөөс минь онхи ондоо ертөнц, нөхцөл байдалд авааччих мэт түүгээр ч үл барам огтоос үл таних хүмүүс дунд орчихсон мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Харамсалтай нь жинхэнэ гэгдэхээс юу ч үлдээгүй гэхэд хилсдэхгүй… Гэвч үнэн хэрэгтээ бүх зүйл өөрөөр эргэж орхисон. Үеийнхэн маань надтай хамт үлдсэн л дээ. Мэдээж бүгд биш. Хөөрхий, тэдний ихэнхи нь л хорвоогийн жам ёсоор амьдралын мөнх бусыг үзүүлж дээ.
Шунхан улаан залуу насанд учирсан анд найзууд минь яалтачгүй л миний хамгийн итгэлт, үнэнч, мөнхийн найз нөхдүүд байж дээ. Хэдий нас нэмэхийн хэрээр эргэн тойрны минь танилын хүрээ үлэмж ихээр нэмэгдсэн боловч жинхэнэ гэх тодорхойлолтонд багтах итгэлт найз нөхөд минь хэзээний л дотно, дулаахан байдаг юм билээ. Итгэлт анд нөхдүүд залуу насанд л таарч, нөхөрлөл гэгч батжин эвэлдэг аж. Би сайн санадаг юм. Миний ээжийн хорвоо дээрх эрхэм нандин, дотны найзууд нь голцуу дунд сургуульд үерхэж нөхөрлөсөн найзууд нь байдаг байлаа. Харин аавынх дээд сургууль хамт сурч байсан оюутан ахуй цагийн анд нөхдүүд нь байв. Би гэдэг хүн хичнээн өөрийгөө тэгэх юм шүү хэмээсэн ч хүн гэдэг яах аргагүй л нас ахихын хэрээр нөхөрлөлд алгуурханаар нээлттэй хандахаас цааргалж хойш суучихдаг юм байна.
Залуу нас бол үнэхээр л найзалж нөхөрлөх, харилцан дотносох “нандин болоод баялаг” цаг мөч. Үүнийг сэтгэлдээ бодож зүрхэндээ тээн найз нөхдөө хэзээд хайрлан энэрч, харилцан түшилцэж, дурсан санаж байх ЁСТОЙ юм шүү. Учир юу гэвээс жинхэнэ нөхөрлөл баяр жаргал, уй гунигийн аль нь байлаа ч хэзээд л тус нэмэрээ өгдөг тийм л өмөг түшигтэй хүч юм. Хөөр хөгжөөн, цэнгэл жаргалд ч гэлээ тус дэмийн хүч гэж байдаг юм шүү дээ. Ямар дэм гэхээр чин сэтгэлийнхээ угаас аз жаргал, баяр баясалыг мэдэрч, түүнийгээ бусадтай хуваалцах явдал юм.
Нөхрийн хэрэг бүтвээс өөрийн хэрэг бүтнэ гэдэг шиг таны найз нөхдийнхөө баяр цэнгэлийг хуваалцахгүй, ойлгож хүлээж авахгүй, үл тоомсорлох хандлага яав ч баяр баясгалан биш гэдгийг санууштай. Хүн аз жаргалыг цор ганцаар мэдэрч амьдралаа туулвал тэр нэгэн дотроосоо тэгээд л цагийн эрхэнд өмхөрч “мууддаг” жамтай. Адаглаад л ямар нэг харамсан гашуудмаар золгүй үйл явдал боллоо гэж төсөөлье л дөө. Энэ цаг мөчид дахиад л ингэж ганцаараа байхгүй юм шүү гэж амаа барьж, нөхөрлөлийн үнэ цэнийг ухаж ойлголоо ч өнгөрсөнийг өөрчлөх боломж нэгэнт холдон одсон байдаг. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг дээ.
Иймийн учир залуу насны үнэ цэнээ өтөл насан хүртлээ эрхэмлэн дээдэлж, өнгөлөн зүлгэж нандигнаарай. Залуу насандаа хуримтлуулсан бүхий л сайн сайхан гэсэн болгоноо эргэцүүлж нэг үзэн, үнэлж цэгнээрэй. Тэрчлэн залуу насныхаа ид хав, үнэ цэнтэй хором мөчүүдийг хий дэмий бүү үрэн таран хийгээрэй. Залуу насанд олж авсан бүхэн хий хоосон, хэрэгцээгүй, анир чимээгүй өнгөрнө гэж байхгүй шүү. Залуу насанд суусан сайн, муу зуршлууд бүхий л амьдралын туршид таныг дагадаг мөн таныг илэрхийлдгийг санаарай. Хичээл зүтгэлээр бий болгосон дадал хэвшлүүд ч мөн ялгаагүй.
Хийж бүтээж буй бүхэндээ ээнэгшиж дурлана гэдэг баяр баяслыг эгнэгт төрүүлж байдаг төдийгүй хүмүүний аз жаргалд зүйргүй их үнэ цэнэтэй бөгөөд хичнээн сайхан хэсэг гэж санана! Харин ажил хөдөлмөрийн үр шим, уйгагүй оролдлогын чиг шугамаас үргэлжид зугтаж, бэргэж байдаг нэгэнд аз жаргал хомс юмуу огтоос байхгүйтэй адил болой!
Залуудаа хэдий чинээ өөрийгөө дайчилж, ажил хөдөлмөрийн амтыг эрхэм болгож үнэнч хийгээд шударгаар зүтгэнэ, өтөл буурал болоод төдий чинээгээр л үр шимийг нь хүртэнэ. Яг л хавар эртлэн усалж тордсон цэцэрлэгээс намар хойно арвин ургац хураадгийн адил юм шүү дээ. Мөн залуу наснаас дадуулж хэвшүүлсэн эерэг дадал хэвшлүүд амьдралыг үнэхээр л хөнгөвчилж, амар хялбар болгодог. Харин саар муу зуршлууд амьдралыг улам л төвөгтэй болгож, тун чиг их саад тотгор учруулдаг гэмтэй.
Ташрамд нэг зүйлийг хэлье. “Нэр төрөө залуу наснаасаа эрхэмлэн дээдлэ” хэмээх орос ардын сургаал үг бий. Хүмүүний ой санамжид залуу насанд үйлдсэн бүхэн гүн бат сууж, тод мөрөө үлдээдэг. Сайн сайхан үйлдлүүд хөөр хөгжөөн, баясал цэнгэл авчирдаг бол саар, муу үйлдлүүд үргэлж л таныг дагаж, дотроос тань хэмлэн үгүйрүүлдэг юм шүү!
Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм
ХБНГУ, Кайзерзлаутерн хот
2021.06.15