Тархины мэдрэлийн эс хоорондын холбоосоос тархи, хэл ярианы хөгжил хамаарах нь…

Dermee Byambasuren
4 min readApr 7, 2020

--

Хэд хэдэн хүмүүс хүүхэд нь хүүхэд хэлд орохгүй байгаа нь юутай холбоотой, яагаад удаан хэлд орж байгаа тархи судлалын үүднээс юу гэж тайлбарладаг тухай асуужээ. Үүнд богино тайлбар болон холбогдох судалгааны үр дүнг танилцуулъя.

Тархи судлалд өнөөдөр хүүхдэд янз бүрийн бүрийн дуу авиаг бодитоор болон техник хэрэгсэл ашиглан үзүүлж, сонсгоод тархи нь хэрхэн хүлээж авч боловсруулж буйг судалсан судалгаа нэлээд голлож байна. Хэл яриатай холбогдох тархины хариу үйлдлийг судлахад ямар багаж, тоног төхөөрөмжийг түгээмэл ашиглаж байгааг дурдвал: EEG- (Electroencephalography), ERP (Event-related potential) буюу тархинд мэдрэгч байрлуулж түүний цахилгаан үелзлийг бичиж, тооцоолдог багаж, MEG (Magnetoencephalography) буюу тархинд цахилгаан гүйдлээр үүсдэг толгойн гадна талд буй соронзон орныг хэмждэг багаж, fMRI (Functional magnetic resonance imaging) буюу тархиар гүйж буй цусны урсгалын өөрчлөлтийг илрүүлэх зорилго бүхий тархины үйл ажиллагааг хэмждэг багаж, Near-infrared spectroscopy (NIRS) буюу мэдрэлийн үйл ажиллагааны үзүүлж буй тархины цусны даралтын хариу үйлдлийг хэмждэг багаж гээд эдгээр дөрвөн янзын (аюулгүй, хоргүй, дуу чимээ багатай) багаж байна.

Дээрхи багажнуудын тусламжтайгаар хүүхдэд ямар нэг дуу авианаас авахуулаад үг, өгүүлбэр сонсгож, үзүүлэн тархинд явагдаж байгаа хариу үйлдлийг янз бүрийн талаас нь бичиж, дата дээр нь үндэслэн хүүхдийн тархины болон хэл ярианы хөгжлийг тодорхойлох оролдлогуудыг хийж байна.

Тодорхой судалгааны үр дүнг танилцуулвал:

  1. АНУ-ын Майами хотын хүүхдийн эмнэлэгийн дүрс оношлогооны тасгийн эмч нар оройтож хэлд орж байгаа хүүхдүүд тархиныхаа хэлийг хариуцсан зүүн талыг ашиглах бус бусад талыг ашиглаж байгааг олж тогтоожээ. Уг судалгаа нь fMRI төхөөрөмж ашиглан хэлд оройтож орж байгаа 2–8 насны 17 хүүхэд, хэл яриа нь хэвийн 35 хүүхдийг хамруулсан. Хүүхэд бүрт тэдний ээжийнх нь яриаг хураасан бичлэг сонсгох замаар тэдний тархи хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг мөн тэдний тархины идэвхижлийн шинж чанарыг харьцуулан судалсан байна. Судалгааны үр дүнгээр: Сонсох явцад хэвийн хэл ярианы хөгжилтэй хүүхдүүд тархиныхаа зүүн талаа ашигладаг бол хэлд оройтож орж буй хүүхдүүд тархины баруун хэсгийн үйл ажиллагааг (хэл ярианы бус бусад үйлдлүүдийг хариуцдаг) илүүтэй ашигладагийг олж тогтоожээ. Мөн 4 нас болон түүнээс дээш настай хэлд оройтож орж буй хүүхдүүдийн тархины ерөнхий үйл ажиллагааны идэвхижил сул байгааг илрүүлсэн байна.
  2. Америкийн Вашингтоны их сургуулийн П.Кухл тэргүүтэй судлаачдын баг нялх хүүхдийн тархины хөгжил, хэл ярианы хөгжлийг асуудлыг MEG багаж ашиглан судалж хүүхдэд хэдий чинээ янз бүрийн дуу авиа, хэл яриа сонсгоно төдий чинээ тархины эс хоорондын синапс холбоо илүү идэвхижиж байгааг илрүүлсэн байна. Мөн түүнчилэн хүүхдүүд компьютер болон технологийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүлээн авах нь тэдний хэл ярианы хөгжилд үр нөлөө багатай байгааг дүгнэсэн бол харин тэдэнтэй амьд, бодит харилцаа үүсгэх (эх хэлээрээ болон гадаад хэлээр үлгэр уншиж өгөх, ярилцах, дуу хөгжим болон сонсголд нь чиглэсэн төрөл бүрийн бичлэг сонсгох, янз бүрийн хөдөлгөөн оролцсон тоглоом тоглох, хүлээн авах болон илэрхийлэх чадварыг нь өдөөсөн төрөл бүрийн арга ашиглан хүүхэдтэй харилцах г.м.) тэдний хэл ярианы болон тархины хөгжилд илүү үр нөлөөтэйг зөвлөсөн байна. (Уг судалгааны үр дүнгийн талаар дэлгэрэнгүйг дараагийн нийтлэл болох “Хэлд орох явцад хүүхдийн тархинд юу болдог, хүүхэд хэрхэн хэлд ордог” сэдвээр хүргэх болно.
Born to Learn: Language, Reading, and the Brain of the Child Patricia K. Kuhl

Дүгнэлт: Хүүхэд хэр их янз бүрийн акустик дуу авиа хэл яриагаар дамжуулан хүлээж авна тэр хэмжээгээр хүүхдийн тархины эс хоорондын холбоос (синапс) бат бөх бэхжиж, энэ нь тархи болоод хэл ярианых нь хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдгийг олж тогтоосон байна. Уг эс хоорондын холбоос нь хүүхдийн сурах, тогтоох, болон бусад танин мэдэхүйн чадваруудыг дэмжиж байдаг сүлжээний холбоо болон зангилааг бөх бат байлгадаг. Иймд хүүхдийн тархинд ямар мэдээлэл орно тэр мэдээлэл тархины хөгжилд нь шийдвэрлэх үүрэгтэй төдийгүй тэдний тархи тэдгээр мэдээллүүдийг хэрхэн боловсруулж буй явц болон тархины бүтэц, үүргээ өөрчлөх чадвар буюу уян хатан чадвараар нь тархины хөгжлийг нь дүгнэж тодорхойлж болно. Нэгтгэн ерөнхийлөн дүгнэхэд, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ (урагт байхаас хойш) бага ярьдаг, харилцдаг байх болон тэдэнд анхаарал халамж бага тавьдаг явдал нь тэдний хэл ярианы төдийгүй болон тархины хөгжлийг сааруулдаг үндсэн шалтгаан болдог байна.

Мөн түүнчлэн, хүүхдийн тархи нь удам болон тэдний орчны нөлөөнөөс шууд хамааралтай ба хүүхдийн тархины хөгжил 5 нас хүртэл 90% хүртэл явагддагийг аль хэдийнээ шинжлэх ухаан тогтоочихсныг бид бүгд хийсвэрээр мэднэ. Энэ үед нь хүүхдийг онцгой анхаарах чухал бөгөөд хүүхдийнхээ тархины мэдрэлийн эс хоорондын холбоог бэхжүүлэхийн тулд тэдэнд таарсан төрөл бүрийн бүхий л мэдрэхүйн үйлийг хамарсан эерэг үйлдэл, арга хэмжээг авч хэрэгжүүлж анхаарахыг хичээнэ бизээ.

Жич: Хүүхдийн тань хэл ярианд ямар нэг бэрхшээл илэрвэл холбогдох шалтгааныг яаралтай тодруулан эрт үед нь засаж сайжруулахыг эмч, судлаачид зөвлөдөг. Мэдээж хэлд орохгүй удаж байгаа болон хэл ярианд ямар нэг саад бэрхшээл тулгарч байгаа нь тухай хүүхдийн мэдрэл зүй, сонсгол,чих, хамар хоолой, хэлэх эрхтэн зэрэг эрүүл мэндийн асуудал бүүр цаашлаад нийгэм сэтгэл зүйн нөхцөл байдал (ядуурал, хоол хүнс тэжээлийн дутагдал, хүүхдийн өнчрөл, хагацал, хүүхдээ үл хайхрах, сэтгэл хөдлөлийн стресс г.м.) хос болон олон хэлний орчны нөлөө зэрэгтэй холбоотой. Үүнийг бас харгалзаж үзэх нь зүйтэй.

Баярлалаа.

Хавсралт:

Энэхүү хүснэгтээс 5 хүртэлх насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн хэм хэмжээг харж болно.

Schwartz, ER ed.
Pediatric Primary Care: A Problem-Oriented Approach.
St. Louis: Mosby; 1997. 0815180543

Ашигласан эх сурвалж:

  1. Kuhl PK, Rivera-Gaxiola M. Neural substrates of language acquisition. Annual Review of Neuroscience. 2008;31. http://ilabs.washington.edu/kuhl/pdf/Kuhl&Rivera-Gaxiola2008.pdf
  2. Kuhl PK. Social mechanisms in early language acquisition: Understanding integrated brain systems supporting language. In: Decety J, Cacioppo J, editors. The handbook of social neuroscience. Oxford UK: Oxford University Press; 2011.
  3. Brain Activity Abnormal In Children With Delayed Speech November 27, 2003 Radiological Society Of North America https://www.sciencedaily.com/releases/2003/11/031126065701.htm

--

--

Dermee Byambasuren
Dermee Byambasuren

Written by Dermee Byambasuren

Learning new things keeps life interesting - always be curious. | Graduate Student in Cognitive Science at University of Kaiserslautern 🇩🇪

No responses yet