Жижиг зүйлд ч АГУУ юмс оршдог.
[Д.С.Лихачёв “ Сайн, сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 1-р захидал]
Зөвхөн материаллаг ертөнцөд л “агуу” гэгдэх юмсад жижиг зүйлд оршдоггүй билээ. Гэсэн хэдий ч оюун сүнэт зүйлсийн түвшинд тийм биш. Харин ч эсрэгээрээ, жижиг зүйл илүү “агуу” юмс оршиж байдаг. Хэрэвзээ “агуу” их зүйлд жижиг юмсыг хүчээр шингээж, шигтгэхийг оролдвол өнөөх “агуу” юмс маань огтоос худал болчихдог гэмтэй.
Хүн агуу зорилго өөд тэмүүлж байлаа гэж бодъё. Тэр хүний зорилго нь бүхий л зүйлс дээр тусгалаа олоод зогсохгүй өөрт нь шалихгүй мэт санагдах зүйл дээр ч хүртэл ялгаагүй илэрхийлэгдэж байх учиртай. Үүний тулд зорилго өвөртлөгч нэгэн гэнэтийн ч бай, санамсаргүй ч бай ямар ч үед үнэнч шударга зарчмыг баримтлах хэрэгтэй. Ингэж чадаваас л хүмүүн та өөрийн эрхэм үүрэг юугаа нэр төртэй, шударгаар гүйцэлдүүлэх боломжтой болно. Агуу зорилго гэгч гэрэлт луужин хүнийг бүхэлд нь хөтөлж чиглүүлэхийн зэрэгцээ түүний үйлдэл бүрт тусгалаа өгч байдаг. Түүнчлэн хүмүүн та муу муухай аргаар сайн зорилгод хүрч болно хэмээн муйхарлан сэтгэх огтоос хэрэггүйг ой тойндоо хэзээд санаж байхад гэмгүй.
“Зорилго нь аргаа зөвтгөнө” хэмээх таагүй үр дагаврыг ямагт дагуулаад үл зогсох ёс суртахуунд ерөөс нийцэхгүй утга бүхий зүйр үг бий. Үүний тод жишээг их зохиолч Ф.М.Достоевский өөрийн сор бүтээл болох “Гэм зэм” романдаа тодоор дүрсэлсэн байдаг. Эл зохиолын гол дүр болох Родион Раскольников гэх эр жигшүүрт мөнгө хүүлэгч эмгэний аминд хүрч мөнгийг нь аван улмаар хожим өөрийн агуу зорилгодоо хүрч, хүн төрөлхтөнд ашиг тусаа өгөх болно хэмээн бодно. Гэвч тэрээр өөрийн дотоод зөрчил, сэтгэл доторх тэмцэлдээ дийлдэн хүн чанарын эргүүлэгт ордог. Хэдий зорилго нь амаргүй, алс хэтийн байлаа ч түүнд хүрэх гэмт үйлдлийг яаж ч зөвтгөх боломжгүй тийм л хахир байдгийн нэгээхэн илрэл билээ. Иймд ядмаг аргаар агуу их зорилго өөд тэмүүлэх нь яавч ч боломжгүй учир том ч бай, жижиг ч бай зүйлсийн аль алинд нь ямагт эн тэнцүү чигч шударга хандаж байх нь зүй юм.
“Жижиг зүйлд ч агуу юм оршдог” гэх энэ бичигдээгүй дүрмийг шинжлэх ухааны салбарт ч баримталвал зохилтой. Шинжлэх ухаанаар батлагдсан үнэн гэдэг хамгаас үнэ цэнэтэй бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны бүхий л нарийн ширийн зүйлсэд түүгээр ч үл барам эрдэмтэн хүн өөрийн амьдралдаа ч уг дүрмийг мөрдлөг болгох учиртай. Хэрэв хэн нэгэн шинжлэх ухаанд ахар зорилго өвөртлөх, нотолгоонд баримтыг үл огоорч зорилгодоо хүчээр хүрэх, судалгаа, шинжилгээний дүгнэлт түүний үр нөлөөг хувийн ашиг сонирхолтойгоо хутгах, өөрийгөө ямар ч хэлбэрээр бай хэт сурталчлан дөвийлгөх зэрэгт тэмүүлвэл тухайн судлаач, эрдэмтэн бүтэлгүйтэх нь цаг хугацааны л асуудал байдаг. Магадгүй тэр даруй даа биш ч хожмоо үнэнд гүйцэгддэг. Мөн үүгээр ч зогсохгүй судалгаагаар гаргаж авсан үр дүнг хэтрүүлэн гуйвуулах эсвэл баримтуудыг үл ялигаар өөрчлөн, хуурамчаар үйлдэж эхлэх үеэс л шинжлэх ухааны үнэний зарчим алдагдаж жинхэнэ үнэ цэнэ, дотоод хүч нь бөхдөг. Түүгээр л үл барам үнэнийг гажуудуулагч эрдэмтэн гэгч этгээдийн нэр төр, замнал нь эрт орой хэзээ нэгэн цагт үгүйрэн замхардаг.
Иймийн учир жижиг зүйлсэд ч агуу юм оршдог зарчмыг ямагт тууштай баримтлах учиртай. Ингэснээр бүхий л юмс хөнгөн хийгээд амар, энгийн болоод агуу байх болно.
Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм
ХБНГУ, Кайзерзлаутерн хот
2021.06.13